Сэтгэлийн чимээгүй хор буюу “Өөрийгөө буруутгах эмгэг”
- Undraa Dorj
- Dec 13, 2024
- 3 min read
Сэтгэл зүйч, Л. Батцэцэг.
Одоогоос хэдэн жилийн өмнө, нэг найз маань ихээхэн хүнд байдалд орлоо. Хажуугаас харж байгаа хүний нүдээр асуудал нь тийм ч хүнд юм шиг санагдаагүй ч өөрөө өөрийгөө маш ихээр буруутгаж, нүд ирмэхийн зуурт л нүднийх нь гал бөхөөд ирсэн юм. Дотнын найзынх нь хувьд амьдралынх нь хамаг нарийн ширийнийг гадарлах тул боломжоороо ярилцаж дэм өгөх санаа байсан ч хэсэгтээ л хүнтэй харилцахаас цааргалж, хэдэр ёдор ааштай нэгэн болчихлоо...

Чимгээ нөхөртэйгөө 24 жил амьдарсан, 2 хөөрхөн хүүтэй, ер тэдний амьдралд дутах гуцах зүйлгүй. Гаднаас нь харсан хэн ч тэднийг сайхан гэр бүл гэдэг байв. Гэвч тэдний мэдэхгүй нэг зүйл байсан нь гэрлэсэн өдрөөсөө эхлээд л цухалзсан хайртай нөхрийнх нь хар гэдэг аймшигт өвчин байлаа. Тэсэж тэвчиж, хайртай гэсэн хүлээсэндээ нэвт шувт хүлэгдсээр 24 жилийг өнгөрөөхдөө хоёр хүүгийн аав ээж болцгоосон юм. За гайгүй болно биз дээ гэсээр цэл залуу нас нь цахилаад өнгөрсөн хойно л амгалан амьдралыг хүсдэг болж. Хүүхдүүдээ аавгүй өсгөөд яах вэ гэж бодсоор өчнөөн жил тэвчсэн тэвчээрийн шандас нэг л өдөр тасарч бага хүүгээ 15 тайд ааваас нь салж, амар тайван амьдрах болсон ч шилжилтийн насанд нь таарсан аав ээжийн салалт хүүд хүндээр тусч ээжтэйгээ үг солихоо больж, элдэв хүүхэдтэй нийлж хичээл сургуулиа таслах болов. Эхэн үедээ ингэсгээд гайгүй болно байх, миний хүү угаасаа суурь хүмүүжил сайтай гэж эергээр бодож явтал “ Сургуулийн сурагчдын дунд мансууруулах төрлийн өвс ногоо татах үзэгдэл их байна, өсвөр насны сурагчдын дийлэнх хувь нь үнэрлэж үзсэн байдаг “ гэсэн Тагнуулын байгууллагын анхааруулга мэдээг сонсоод Чимгээ хүүгээ тандаж эхэлснээр түүний найзуудтайгаа юу хийж явдгийг олж мэджээ. Хааяа хааяа гадуур гарахдаа хамтдаа тэр өвс гэгчийг татдаг нь баригдсан тул хүүдээ хэлж нэг үзэж, гуйж нэг үзсэн ч түүнийг ээжийгээ үл тоомсорлох хүүгээ хараад найз минь “Миний хүү аавтайгаа байсан бол юу гэж ингэж явах билээ, бид хэчнээн удаан хамт амьдарч, хэчнээн ихийг тэсэж өнгөрүүллээ дээ. Үр хүүхдийнхээ өмнөөс тэсээд явах минь яалаа, энэ бүхэн надаас, зөвхөн надаас л боллоо” гэж өөрийгөө буруутгасаар өнөөдрийн энэ байдалдаа орсон байлаа. Ажилдаа идэвхгүй, өдөр хоногийг аргацааж явахдаа бурхнаас гуйсан ганц зүйл нь миний хүүг энэ зуршлаас нь салгахад туслаач, миний хүүхдүүд л сайн сайхан явбал надад өөр юу ч хэрэггүй, хүүхдүүдийг минь эрүүл саруул, аз жаргалтай байлгаж өгөөч....
Найзын минь нуруун дээрх бүх амьдрал, ачаа, өөрийгөө буруутгасан бүх бодол эцэст нь түүнийг сэтгэл гутрал гэдэг аймшигт ангалд аваачсанаар тэр нэг л өдөр сэтгэл зүйчид хандахаас өөр аргагүй болсныг ухаарч, миний санал болгосноор нэг сэтгэл зүйчид хандан, тасралтгүй нэг жил өөртэйгөө болон сэтгэл зүйчтэй ажилласнаар өнөөдөр тэр сэтгэл зүйн болон оюун ухааны хувьд эдгэрч дахин амьдралын сайн сайхныг мэдэрч, аз жаргалтай амьдарч байна.
Тиймээ энэ ганц жишээ маш олон хүмүүсийн амьдралд тулгарч байдаг сэтгэл зүйн асуудлын нэгээхэн хэсэг билээ.
Өөрийгөө буруутгах эмгэг буюу өөрийгөө хэт буруутгах үйлдэл хийснээр хүн сэтгэл зүйн хувьд эерэг бодолгүй болж, сэтгэлийн хямрал, гутралд орж улмаар сэтгэл зүйн эмгэг өөрчлөлттэй болж, хүндэрсэн тохиолдолд амиа хорлох нь ч бий.
Мөн гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө, нийгэмтэй харилцааны асуудалд орж, ганцаардал тусгаарлагдмал байдлыг мэдэрч, ажил мэргэжлийн хувьд өсөлт дэвшилтгүй, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэл тааруухан нэгэн болдог .
Тэгвэл “Өөрийгөө буруутгах эмгэг” гэж юуг хэлдэг юм бэ? Энэ нь хүний дотоод шинж чанар, мэдрэхүйн үйл явц бөгөөд тухайн хүний амьдралд тохиолдсон ямар нэгэн сөрөг үйл явдлыг зөвхөн өөртэйгөө хамаатуулан бодох өөрөөр хэлбэл тухайн үйл явдлын гол буруутныг өөрийгөө гэж үзэх явдал юм.
Хүүхдийн өсөж торнисон гэр бүлийн орчин, удам угсаа, бага насандаа юм уу амьдралын өөр нэгэн цаг үед олж авсан сэтгэл зүйн гэмтэл, нийгмийн гарал, нийгмийн байдал, харилцааны хэв маяг, сэтгэл зүйн боловсрол, зан төлөвийн хөгжил зэргийн нөлөөллөөр хүнд “Өөрийгөө буруутгах эмгэг” үүсдэг.
"Өөрийгөө буруутгах эмгэг” -ийг даван туулах, засахад нөлөөлдөг олон арга байдаг.
Сэтгэл зүйчтэй хамтран асуудлаа даван туулах, өөртөө эерэг бодлыг хөгжүүлж, гэр бүл найз найз нөхдөөсөө харилцааны дэмжлэг авах, өөрийн сонирхдог зүйлд анхаарлаа илүү хандуулж, чөлөөт цагаа зарцуулах, иог бясалгал, амьсгалын дасгал зэрэг тайвшруулах аргыг хэрэгжүүлж, хэвшил болгох, бүлгийн засалд явж өөртэйгөө адилхан асуудалтай хүмүүсийн туршлагаас суралцах, хамтдаа даван туулах, хөгжих, өөрийн хувийн амьдралын хэв маягийг сайтар нарийн төлөвлөх зэргээр идэвхтэй байж чадсанаараа дээрх асуудлыг даван туулдаг байна.

Хэрвээ танд болон танай гэр бүлийн хэн нэгэнд, найз нөхдийн чинь хэн нэгэнд “Өөрийгөө буруутгах эмгэг”-ийн асуудал тулгарсан бол “Цэлми-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг санаарай.
Comments