ДОТООД СЭТГЭЛИЙН ГУРВАЛ Харилцан нөлөөллийн онол
- Undraa Dorj
- Jun 21
- 2 min read
Бид өдөр бүр инээж, уурлаж, ойлголцож, заримдаа зөрчилдөөнт харилцаанд оршдог. Бидний зарим үг, үйлдэл маань өөрсдөө ч танихгүй “нэгэн хэсгээс” гарсан мэт санагдах үе бий —“Би чинь ингэж хэлдэг хүн биш дээ…” гэх мэт.
Ийм мэдрэмж, дотоод зөрчлийн учрыг Транзакцийн анализ (ТА) буюу Харилцан нөлөөллийн онол гайхалтайгаар тайлбарлаж, шинжилгээ хийхэд тусалдаг. Хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл, амьдралын “зураглал”-ыг тайлах түлхүүр ч болдог.
ТА онолын таван үндсэн бүрэлдэхүүн
Дотоод эго төлөвүүд – Таны дотор зэрэгцэн орших гурван “Би”
Харилцааны гүйлгээ – Таны дотоодоос гарч буй дуу хоолой бусдын аль төлөвтэй "тулгарч" байгааг харуулна
Амьдралын хандлага – Өөрийгөө болон бусдыг хэрхэн харж байгаа суурь хандлага
Сэтгэл зүйн тоглоомууд – Давтагддаг, ухамсаргүй драм
Амьдралын зохиол– Хүүхэд насанд бичигдсэн, өөрийгөө болон ертөнцийг ойлгох үзлийн гүн гүнзгий төлөвшил
Эдгээр нь хүний сэтгэл зүйг ойлгоход төдийгүй, бодит амьдралд хэрэглэхэд энгийн, практик тайлбаруудыг санал болгодог. Бид эдгээр ойлголтыг цувралаар энгийн амьдралд ойр хэлбэрээр нийтлэж байгаагийн эхний цувралаар “ Таны доторх гурван Би ”ийн талаар танилцуулахаар бэлдлээ.

Энэхүү онолоор хүн бүрийн дотоод ертөнц гурван өөр “эго төлөв”-т оршдог бөгөөд эдгээр нь бидний мэдрэмж, ухамсаргүйгээр хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийн түлхүүр юм.
Төлвүүдийн илрэх нөхцөл, илэрхийллийн түвшин, аль төлөв илүү давамгайлсан, аль төлөв дарангуйлагдсан байдлаараа хүмүүс хоорондоо ялгагддаг.
1. Эцэг эхийн төлөв (Parent)
Бидний хүүхэд насанд эцэг эх, асран хамгаалагчдаасаа сурсан, өвлөн авсан, даган дуурайсан үг, зан төлөв, хандлагыг хадгалсан төлөв.
Хоёр хэлбэртэй:
Туслагч эцэг эх – Халамж, дэмжлэг, урам зориг өгдөг
“Чи чадна аа, зүгээр дээ, би тусалъя.”
Шүүмжлэгч эцэг эх – Шүүмжлэл, дүрэм журам, хяналт тогтоодог.
“Ингэж болохгүй шүү! Яагаад чи ингэсэн бэ?” "Дандаа ингэж байхын" гэх мэт.
Энэ дуу хоолой нь ихэвчлэн бидний өмнөх түүх, өнгөрсөн үеийн хэн нэгний дуу хоолой мэт сонсогддог.
2. Хүүхдийн төлөв (Child)
Бидний мэдрэмж, хүсэл, дотоод гомдол, зөн мэдрэмж, авьяас зэрэг бидний байгалийн анхдагч төлөв байдал бөгөөд энэ бүгд дотоод хүүхдийн төлөвт шингэсэн байдаг.
Гурван хэлбэрээр илэрнэ:
Чөлөөт хүүхэд – Хориг хязгаарлалтгүй өөрийгөө илэрхийлдэг, байгаагаараа, хүсэл тэмүүллээ чөлөөтэй хуваалцдаг төлөв.Хөгжил цэнгэлтэй, бүтээлч, баяр хөөртэй-“Ямар гоё вэ! Би дуулмаар байна!”
Дасан зохицсон хүүхэд – Томчуудын шаардлага, дүрэм журамд нийцүүлж, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллээ дарж “зохицож” сурсан дотоод төлөв. Дуулгавартай, айдастай, бусдад таалагдахыг хичээдэг-“Мөрөөрөө чимээгүй байвал асуудал гарахгүй байх.”
Тэрслэгч хүүхэд – Томчуудын шаардлага, хяналт, дүрэм журмыг эсэргүүцэл үзүүлэх замаар өөрийн эрх чөлөөг хамгаалж ирсэн дотоод төлөв. Эсэргүүцэл, гомдол, зөрчилтэй хандлагатай-“Надад битгий заагаад бай!”
3. Насанд хүрэгч төлөв (Adult)
Бодит байдлыг үнэлж, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг — ухаалаг, сэтгэлийн хамгийн тэнцвэртэй төлөв -“Асуудлыг дүгнээд үзье. Шийдэл нь юу байж болох вэ?”
Энэ төлөв нь бусад хоёр төлөвийг зохицуулж, бидний “тэнцвэр” болдог.
Эдгээр гурван төлөв тань өөр хоорондоо байнга “ярилцаж” бидний үг, үйлдэл, дуу хоолой, шийдвэр гаргалт, амьдралын хэвшил цаашлаад бидний харилцаа, үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байдаг. Мөн стрессийн үед төлвүүдийн тэнцвэр алдагдан зөрчил үүсдэг байна.
Хэрэв та харилцааныхаа үеэр “Яг одоо аль төлөвөөс би хандаж байна вэ?” гэж өөрөөсөө асууж сурвал —өөрийгөө танин мэдэх эхний аялал эхэлдэг.
Цувралын дараагийн хэсэгт бид эдгээр төлөвүүдийн харилцан нөлөөлөл, амьдралын хандлагын тухай дэлгэрэнгүй хуваалцах болно.
Таныг хүндэтгэсэн,
Цэлми Төв.
Comments