Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD)
- Undraa Dorj
- Oct 11, 2024
- 3 min read
Updated: Jan 15
Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг буюу бидний мэдэх ADHD нь энгийн нэг анхаарал төвлөрүүлэх чадваргүй эсвэл хэт хөдөлгөөнтэй байдал, сахилга батын зөрчил биш юм. Энэ нь сэтгэл зүйн эмгэг бөгөөд олон улсын мета судалгаагаар ADHD нь дэлхий даяар ойролцоогоор хүүхдийн 7.2%-д тохиолддог, улсын тархалт 0.1%-10.2%-д хэлбэлздэг. Насанд хүрэгчдийн 2.5%-д тохиолддог гэж тодорхойлсон.
ADHD бий болох шалтгаан нөхцөл нарийн тодорхойлогдоогүй боловч удамшлын хувь өндөр буюу ойролцоогоор 74% ийг эзэлдэг, харин гений хувьд ADHD-д хамаарах тодорхой нэг ген байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Бусад болзошгүй тохиолдолд төрөлхийн жин багатай болон дутуу төрсөн хүүхдүүд, жирэмсний үеийн тамхины хэрэглээ, ховор тохиолдолд хоол хүнсний зарим орц, бүрэлдэхүүн, тухайлбал хүнсний будагч бодисууд, элсэн чихэр, гелийний хэрэглээ, түүнчлэн Омега-3 тосны хүчил болоод хоол тэжээлийн дутмагшил зэрэг нь уг эмгэг үүсэх эрсдэлт нөхцөлийг бий болгодог. Үүнээс гадна тархины гэмтэл, зарим төрлийн халдварт өвчин мөн эмгэг үүсэх эрсдэлийн хэмжээг нэмдэг. Харин гэр бүлийн харилцааны, хүрээлэн орчны хэв маяг нь эмгэгийн өдөөлт болон явцад нөлөөлж, хоёрдогч зан авирын асуудлууд үүсэхэд нөлөөлдөг.
ADHD-ийн үндсэн шинж нь: эмгэгийг илтгэх шинж тэмдгийн дор хаяж 5 болон түүнээс дээш төрөл нь тухайн хүнд 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар илэрч, энэ нь түүний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, хөгжилд сөргөөр нөлөөлж буй явдал.
Мөн эмгэгийн илрэл нь зөвхөн тодорхой нэг орчинд бус хоёр буюу түүнээс дээш орчинд (жишээ нь, гэр болон сургууль, эсвэл гэр болон ажил гэх мэт) явагддаг байна.

ADHD-г оношлох гол шалгуур нь анхаарал дутмагшлын шинж мөн хэт хөдөлгөөнтөх, импульсив байдлын шинж чанараар тус тусад нь үнэлгээ гаргадаг ба дан болон хосолсон хэлбэрээр нь хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг байна. Тухайн эмгэгийн оношилгоо, эмчилгээг нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар дараах үүрэг оролцоотойгоор хийдэг байна.
Сэтгэцийн эмч: оношлох, эмчилгээ бичих, хүндэрсэн тохиолдолд бусад сэтгэцийн эмгэгүүдээс ялган оношлох
Клиник сэтгэл зүйч: Нарийвчилсан сэтгэл зүйн үнэлгээ хийх, оношлох, тест болон ярилцлагын аргаар ADHD-ийн шинж тэмдэг, мөн хүндрэлийн түвшнийг тогтооно.
Хүүхдийн эмч: Хүүхдийн ADHD-ийг оношлох, анхан шатны үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтэнтэй холбоно.
Мэдрэлийн эмч: ADHD-ийн шинж тэмдгүүд нь мэдрэлийн бусад эмгэгүүдтэй холбоотой байж болох эсэхэд үнэлгээ үнэлгээ тус тус хийдэг байна.
Зарим нэг ерөнхий шинжээс ойлголтын төвшинд дурдвал:
1. Анхаарал дутмагшил:
- Анхаарал төвлөрөл сул, хайхрамжгүй алдаа их гаргах (жишээ нь, нарийн
ширийн зүйлсийг үл тоомсорлох, буруу дүгнэх).
- Үүрэг даалгавар, тоглоомд төвлөрүүлэхэд бэрхшээлтэй.
- Өөртэй нь шууд хандаж ярихад анхаарахгүй мэт байх.
- Зааварчилгааг дагаж биелүүлэхгүй, эхэлсэн зүйлээ ихэнхдээ дуусгадаггүй.
- Зохион байгуулалтгүй, цэгцгүй.
- Урт хугацааны сэтгэн бодох зүйлээс зайлсхийдэг.
- Өөрийн эд юмсаа алдаж үрэгдүүлэх нь элбэг.
- Гаднын өдөөлтөнд амархан сатаардаг, анхаарал сарнидаг.
2. Хэт хөдөлгөөнт, импульсив байдал:
- Гараа хөлөө савчуулах, хөдөлгөх, цохих, суудал дээрээ байнга өндөлзөх
- Сууж байх болон тохиромжгүй нөхцөлд босох, гүйх, авирах.
- Чимээгүй, амгалан байдлаар тоглох эсвэл амарч чадахгүй.
- Үргэлж хөдлөх, зогсолтгүй ажиллах мэт байдал.
- Хэт их ярих.
- Асуултыг дуусахаас өмнө яаран хариулах.
- Ээлж хүлээж чадахгүй, хэт тэвчээргүй байдал.
- Бусдын яриа, үйл ажиллагааг тасалдуулах саад болох гэх мэт.
Эдгээр шинжүүд зөвхөн ойлголтын төвшинд энд дурдаж байгаа бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчдийн заримдаа гаргадаг эсэргүүцэх зан, зөрүүдлэх, уурлах, мэдлэг ойлголтын зөрүүгээс үе үе гаргадаг сөрөг араншин зэргээс ялгаатай.
Ихэнх тохиолдолд эдгээр шинж тэмдэг өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд (17 болон түүнээс дээш нас) дор хаяж таван шинж тэмдэг дор хаяж 6 сарын турш илрэн, үйлдэл, анхаарлын төвшин тухайн хүний насны хөгжлийн түвшинтэй нийцэхгүй байдал мөн эдгээр илрэлүүд нийгэм болон сургууль/ажилд давтамжтайгаар сөрөг нөлөө үзүүлж байгаа тохиолдолд мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө, чиглэл авахад илүүдэхгүй.

Эмчилгээний хувьд хөнгөн хэлбэрийн ADHD хүүхдийн өсөлтийн явцад, тухайлбал өсвөр наснаас аажимдаа бүрэн эдгэрэх боломжтой ч зарим тохиолдолд насан турш дагалдан амьдралын чанарт сөргөөр нөлөөлөн, бэрхшээлтэй тулгарах тохиолдол элбэг байдаг.
Тухайлбал, насанд хүрэгчдийн хувьд:
Анхаарал төвлөрөл сулрах - Хийж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх, ажлуудаа дуусгах, хугацаанд багтаахад хэцүү байдаг.
Санах ойд бэрхшээлтэй байх - Зорилго, даалгавар, амлалт, цаг хугацаа гэх мэт зүйлсийг амархан мартаж магадгүй.
Огцом үйлдэл, түргэн шийдвэр гаргах- Тэвчээр хүлээцтэй хандахгүй байх, өөрийгөө хянахад хүндрэл учрах зэрэг шинжүүд байдаг.
Цагийн менежмент муу байх – Аливааг төлөвлөх, зохион байгуулахад төвөгтэй байдаг бөгөөд цаг хугацааг мэдэрч, ажлуудаа зохицуулахад хүндрэлтэй байдаг.
Хэт хөдөлгөөнтэй байдал - Үе үе тайван бус байдал, хөдөлгөөн, зүгээр сууж чадахгүй байх, хурдтай ярих, их хөдөлж байх зэрэг нь ADHD-ийн нэг шинж юм.
Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт - Тэс өөр ааш зантай болж, уурлах, сэтгэлээр унах, гэнэт баярлах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө хянахад хэцүү байдаг.
Эдгээр асуудлын учир шалтгааныг ойлгоогүйн улмаас харилцааны асуудал, ганцаардал, сэтгэл гутралд өртөх, амьдралын идэвхгүй, нийгмээс өөрийгөө тусгаарлах, өөртөө итгэлгүй байдал зэрэг удаан хугацааны сэтгэл зүйн асуудалд өртөх, үүнийг дагаад аливаа зүйлд донтох, хамааралтай болох зэрэг сэтгэл зүйн бусад эмгэгүүд дагалдах суурь ч болох боломжтой.
ADHD-ийн эмчилгээнд эмийн эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, амьдралын хэв маягийн өөрчлөлт, бие, сэтгэчүйн зохион байгуулалтын аргачлалууд багтдаг. Эрт зөв оношилж, тохирсон эмчилгээ хийгдсэн тохиолдолд эдгээр бэрхшээлүүдээс ангижирч, хөнгөрөх, эдгэрэх бүрэн боломжтой.
Сэтгэл зүйч, П. Ундраа
"Цэлми" Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний төв, 2024 он.
Commentaires